Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө
Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэхэд оршино.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
>
1. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө
2. Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий мэргэжлийн байгууллага Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үе шатанд 5 жилээр төлөвлөн боловсруулна. Үүнд:
1. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний байгаль хамгаалах төлөвлөгөөнд байгалийн нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчныг доройтохоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, түүх соёлын өвийг хамгаалахтай холбогдсон арга хэмжээг тодорхойлон, шаардагдах хөрөнгө зардлыг тооцож, хариуцах этгээд, хэрэгжүүлэх хугацаа, баримтлах хууль, журам, аргачлал, стандартыг тодорхойлж тусгасан байна.
2. Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт байгаль орчны төлөв байдлын өөрчлөлт, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, арилгах, бууруулах арга хэмжээ үр дүнтэй байгаа эсэх, сөрөг нөлөөллийн эрчим, цар хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тогтоох ажиглалт, хэмжилт, дээжлэлт хийх байршил, давтамж, хариуцах этгээд, шинжилгээний арга, шаардагдах зардлыг тооцож тусгана.
Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй хугацаатай байх бөгөөд түүнээс олон жил үргэлжлэх төслийн хувьд менежментийн төлөвлөгөөг 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна.
БОАЖЯ нь төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүр хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно